SMART СИСТЕМД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН АРГАЧЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, АНУ-ын Элчин сайдын яам, Wildlife Conservation Society болон “Легал Атлас” хуулийн фирмийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан хаагчийг чадавхжуулах нь” сэдэвт хоёр өдрийн сургалт өндөрлөлөө.

Сургалтын үеэр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон 21 аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хууль хэрэгжилт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримт бүрдүүлэх, байгаль орчны хохирол тооцох, нөхөн төлбөр ногдуулах, урьдчилан сэргийлэх арга зүйн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцлоо.

Энэ удаагийн сургалтын онцлог нь газар дээр нь ажилладаг мэргэжилтнүүд өөрсдийн бодит хэрэгцээ, ажлын нөхцөлд тулгуурлан SMART системийн хүрээнд ашиглаж буй аппликейшн, мэдээлэл солилцооны туршлагаа хуваалцсан явдал байв. Хяналт шалгалт, эргүүл мониторингийн ажлыг илүү шуурхай, мэдээлэлд суурилсан, үр дүнтэй болгоход технологийн шийдлийг бодитоор ашиглаж байгаа нь салбарын чадавх шинэ түвшинд гарч буйн илрэл юм.

Сургалтын хаалтын ажиллагаанд оролцох үеэр байгаль орчны салбарын хууль эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэхэд орон нутгийн мэргэжилтэн, улсын байцаагчдын мэдлэг, ур чадвар, харилцан туршлага солилцох нь онцгой ач холбогдолтойг онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *