COP17-ЫН ҮР ДҮН, БОДЛОГЫН ӨВ, ЦААШДЫН ЗАМЫН ЗУРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Азийн хөгжлийн банктай хамтран COP17-ын үр дүн, бодлогын өв, цаашдын хоёр жилийн замын зургийг танилцуулж, олон улсын түншүүд, салбарын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөлтэй санал солилцож байна.

Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын захирал Жон Жухён Жон (John Juhyun Jeong), олон улсын түнш байгууллагууд болон салбарын төлөөлөл оролцож байна.

COP17-ын хүрээнд нийт 34 шийдвэр батлагдаж, 20 гаруй олон улсын санаачилга дэвшүүлэн, 18 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Үүнээс Монгол Улсад чиглэсэн амлалт 1.46 тэрбум ам.доллар байна.

Монгол орны нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Тиймээс COP17-оор эхлүүлсэн Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлчээрийн нөхөн сэргээлт, усны нөөцийн менежмент, байгальд суурилсан шийдэл, бодит хөрөнгө оруулалттай холбохыг зорьж байна.

Уулзалтаар иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, их сургуулиудын судалгааны чадавх, бэлчээрийн мониторинг, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо (MRV), хөрсний нүүрстөрөгчийн хуримтлал, нөхөн сэргээлтийн чиглэлээр санал солилцож байна. Эдгээр саналыг цаашдын төсөл, хөтөлбөртэй уялдуулах нь чухал.

Монгол Улс 2028 он хүртэл COP17-ын даргалагч улсын үүргээ хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд санхүүжилтийн амлалтыг бодит төсөл болгох, олон улсын түншлэлийг өргөжүүлэх, хэрэгжилтийн үр дүнг хэмжихэд анхаарна.

COP17-ын жинхэнэ үр дүн нь зохион байгуулсан хурлаар бус, түүний дараа хэрэгжүүлсэн ажил, сэргээсэн газар, татсан хөрөнгө оруулалтаар хэмжигдэнэ.

Цаашдын хоёр жилд энэ зорилгын төлөө олон улсын түншүүд, салбарын байгууллага, эрдэмтэн судлаачидтайгаа нягт хамтран ажиллана.

Уулзалт үргэлжилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *