2026 ОНД БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ 2,800 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГЭЭД БАЙНА

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас агаарын чанар, ус, хаягдал ус, хог хаягдал, хөрсний бохирдол, химийн болон аюултай бодис, ой, байгалийн ургамал, ан амьтан, газрын хэвлий, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт зэрэг үндсэн чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4,189 объектыг хяналт шалгалтад хамруулснаас 325 нь төлөвлөгөөт, 959 нь төлөвлөгөөт бус, 2,800 нь урьдчилан сэргийлэх, 105 нь өмнө өгсөн үүрэг, шаардлагын биелэлтийг шалгах хяналт байв. Нийт шалгалтад хамрагдсан объектын тоо өмнөх оны мөн үеэс 20 хувиар нэмэгдсэн байна.

Хяналт шалгалтын ажлыг зөвхөн зөрчил илрүүлж, хариуцлага тооцох хэлбэрээр бус зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулахыг түлхүү анхаарч байна. Энэ хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 86 удаагийн цахим болон танхимын сургалт зохион байгуулж, 2,901 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан байна. Мөн олон нийтэд байгаль орчны хяналт, урьдчилан сэргийлэх чиглэлийн 302 удаагийн мэдээ, мэдээлэл, зөвлөмж хүргэжээ.

Хяналт шалгалтыг өмнөх шалгалтын үр дүн, байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэл, зөрчлийн давтамж, өгсөн үүрэг, шаардлагын биелэлт зэрэгт үндэслэн зохион байгуулж байгаа. Цаашид ч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад алдаа, зөрчил гарсны дараа хариуцлага тооцохоос илүүтэй хууль тогтоомжоо зөв хэрэгжүүлэхэд нь зөвлөн туслах, мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтыг гол чиглэл болгоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *