Өнөөдөр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.
Манай салбарт өнөөдрийн байдлаар олон улсын 35 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд эдгээр төсөл, хөтөлбөрөөр дамжин хууль, бодлого, судалгаа, хүний нөөц, ой, ус, тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлд чухал үр дүн, сайн туршлага хуримтлагдсан.
Одоо энэ их туршлага, боломжийг илүү сайн уялдуулж, дараагийн шатанд гаргах шаардлагатай байна.
Төсөл олон байх нь өөрөө зорилго биш. Төсөл бүр салбарын яг ямар асуудлыг шийдэж байна, бусдаас юугаараа ялгарч байна, Монгол Улсад ямар бодит үр дүн, тогтолцоо, чадавх үлдээж байна гэдэг нь илүү чухал.
Төрийн нарийн бичгийн даргын хувьд миний анхаарч байгаа нэг чиглэл бол эдгээр төсөл, хөтөлбөрийг тус тусдаа салангид байдлаар бус, салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, төсөв, хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй нь нэгтгэн хардаг нэгдсэн менежмент рүү шилжүүлэх явдал.
Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, сургалт, техникийн туслалцааг бодит шийдвэр, ажилладаг тогтолцоо, дараагийн шатны хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй. Ялангуяа COP17-оор Монгол Улсад бий болсон олон улсын анхаарал, хамтын ажиллагааны боломжийг бодит төсөл, хөрөнгө оруулалт болгон үргэлжлүүлэхэд илүү санаачилгатай ажиллана.
Мөн төслүүдийн давхардлыг багасгаж, харилцан нөхөх боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт дутуу байгаа чиглэлүүдээ тодорхойлох, амжилттай хэрэгжиж байгаа сайн туршлагыг бусад төсөл, байгууллагад түгээх нь чухал.
Энэ бол зөвхөн төсөл, хөтөлбөрүүдэд шаардлага тавих тухай биш. Яам өөрөө ч шийдвэрээ шуурхай гаргах, байгууллагуудын уялдааг хангах, хэрэгжилтэд байгаа саадыг арилгах ёстой. Хичээж, үр дүнтэй ажиллаж байгаа төслийн багуудаа дэмжиж, тэдний хийсэн ажлыг салбарын нийт ахиц болгох нь бидний үүрэг.
Салбартаа олон жил хуримтлагдсан төсөл, хөтөлбөрийн туршлага, хөрөнгө оруулалт, мэргэжлийн чадавхыг нэг бодлого, нэг зорилгын дор илүү зөв уялдуулж чадвал илүү том үр дүн гаргах боломж бидэнд байна.
2027–2028 онд энэ ажлыг илүү цэгцтэй, нэгдсэн менежменттэй, бодит үр дүн, хөрөнгө оруулалтад чиглүүлж ажиллана.


Leave a Reply