Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Хайрын төгөл” байгуулах “Модны доктор” төслийг эхлүүллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар, Боловсролын газар, БНСУ-ын “One Happy” төрийн бус байгууллага, “Миг даатгал” болон Даланзадгад сумын 1-7 дугаар сургуулиудын экологийн клубүүд хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь зөвхөн мод тарих бус, тарьсан модоо ургуулж, арчилж, ажиглан судалж, хариуцлагатай эзэн болох дадлыг хүүхэд багачуудад төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

Төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ удаад 7 сургуулийн 250 сурагч оролцож, 1000 мод тарилаа. Цаашид сурагчид өөрсдийн тарьсан модоо тогтмол арчилж, ургалт хөгжилд нь ажиглалт хийж, судалгааны ажлаа танилцуулан “модны доктор” цолоо хамгаалах хэлбэрээр үргэлжлэх юм. Мөн уг төсөл нь орон нутагт анх удаа хэрэгжиж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн төслийн хүрээнд Солонгос, Монголын хүүхдүүд харилцан туршлага солилцох аяллыг зохион байгуулж, байгаль хамгаалал, мод тарьж ургуулах чиглэлээр олж авсан мэдлэг, туршлагаа бодитоор хуваалцах юм.

Хүүхэд багачуудад багаас нь экологийн боловсрол олгож, байгаль хамгаалах зөв дадал хэвшүүлэх, мод тарьж ургуулах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд энэ ажил бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *