“ЧӨЛӨӨЛЬЕ”: ШААРДЛАГАГҮЙ ҮНЭЛГЭЭ, ИЛҮҮДЭЛ ШАТ ДАМЖЛАГЫГ ХАЛЛАА!

2,000 ам метр хүртэлх талбайтай жижиг үйлчилгээний барилга байгуулах, 100 га хүртэлх талбайд газар тариалан эрхлэх, мод үржүүлгийн талбай байгуулах зэрэг үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй болж, холбогдох мэдээллээ цахимаар бүртгүүлэх боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний 2 журам, төслийн 1 ангиллыг шинэчлэн баталлаа.

Энэхүү шинэчлэл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид учирдаг шаардлагагүй үнэлгээ, бичиг баримтын бүрдүүлэлт, төрийн байгууллагын шат дамжлагыг бууруулахад чиглэж байна.

Өмнө нь төслүүдийн үнэлгээг яам болон орон нутгийн байгууллага хариуцдаг хоёр шатлалтай байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлт болон шинэ журмын дагуу байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлээс нь хамааруулан 3 зэрэглэлд ангиллаа.

Нэгдүгээр зэрэглэлд уул уурхай, томоохон үйлдвэр, улс, хот хоорондын авто болон төмөр зам, томоохон цахилгаан станц зэрэг байгаль орчинд өндөр нөлөөлөлтэй төслүүд хамаарч, яамны түвшинд үнэлгээг хянана.

Хоёрдугаар зэрэглэлд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт, шатахуун түгээх станц, мах, сүү боловсруулах үйлдвэр, дунд болон бага төвөгшилтэй барилга байгууламж зэрэг төслүүд хамаарч, ерөнхий үнэлгээг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар хариуцна.

Гуравдугаар зэрэглэлд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багатай төслүүд хамаарна. Эдгээр төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж холбогдох мэдээллээ цахим системд өөрөө бүртгүүлнэ.

Урьдчилсан тооцоогоор нөхцөл, болзолтой хэрэгжүүлэхээр ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргадаг төслүүдийн 31.6 хувь нь үнэлгээ хийлгэх шаардлагагүй болох боломжтой байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах нөхцөл бүрдэнэ.

Журмын төслийг боловсруулахдаа 3 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, 150 гаруй төлөөллийг оролцуулсан. Яам, төрийн байгууллага, орон нутаг, олон нийтээс нийт 131 санал ирүүлснээс 53-ыг тусгаж, бусад саналд хууль зүйн үндэслэл, холбогдох тайлбар боловсруулсан.

Энэ нь байгаль орчны хамгааллын шаардлагыг сулруулж байгаа хэрэг биш. Харин нөлөөлөл багатай үйл ажиллагааг шаардлагагүй үнэлгээ, шат дамжлагаас чөлөөлж, төрийн хяналт, мэргэжлийн нөөцийг байгаль орчинд бодитой эрсдэл учруулах төслүүдэд төвлөрүүлж буй шинэчлэл юм.

Байгаль орчноо хамгаална. Иргэд, аж ахуйн нэгжид учирдаг шаардлагагүй шат дамжлагыг бууруулна. Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ойлгомжтой, хүртээмжтэй болгоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *