Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Цэнхэр бүсэд Монгол Улсын байгаль орчны салбарын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, нэгдсэн мэдээллийн сан, төлөвлөлт, хяналт-шинжилгээний тогтолцоог олон улсын оролцогчдод танилцууллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих зорилгоор хязгаарлагдахгүй. Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, доройтсон экосистемийг сэргээх, ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, шинээр ойжуулах ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх Монгол Улсын урт хугацааны томоохон санаачилга юм.
Энэ хүрээнд ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах ажлыг шинжлэх ухаан, мэдээлэлд суурилан төлөвлөж, газарзүйн мэдээллийн систем, нэгдсэн мэдээллийн сан, хяналт-шинжилгээний тогтолцоог хөгжүүлж байна.
Ингэснээр зөвхөн хэдэн мод тарьснаар үр дүнг хэмжих бус, тарьц, суулгацын амьдралт, өсөлт, арчилгаа, хамгаалалт, тухайн газар нутгийн экосистемд үзүүлж буй урт хугацааны үр нөлөөг хэмжих боломж бүрдэж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь Монгол Улсын байгаль орчны бодлого, хэрэгжүүлж буй туршлага, инновацын шийдлээ олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцах чухал талбар болж байна.
Монгол Улс цаашид экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой газрын менежмент, ойн хамгаалалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллана.


Leave a Reply