ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын санаачилгаар зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлага, холбогдох газар, нэгжийн албан хаагчдын хамт оролцлоо.
Уулзалтаар 2023–2026 онд манай яамны үйл ажиллагаанд хийсэн 5 удаагийн хяналт шалгалт, тандалт судалгааны үр дүнг танилцуулж, анхаарах шаардлагатай 6 чиглэлээр санал, зөвлөмж өглөө.
Тухайлбал, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн үйлчилгээний цахимжилт, кибер аюулгүй байдал болон байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.
Мөн зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх хугацааг богиносгох, шаардлага хангасан хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, license.mn нэгдсэн системийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас өгсөн санал, зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Манай яам төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох, цахимжилтыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана.
Түүнчлэн өгсөн зөвлөмжийг холбогдох газар, нэгж, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулж, хэрэгжилтийг хангах, үр дүнг эргэн тайлагнахад анхаарна.
Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанар, шуурхай байдлыг дээшлүүлэх нь бидний хамтын зорилго юм.

Leave a Reply