“Тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд Монгол Улсаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин хот, Завхан, Төв, Хэнтий аймаг нэгдэж, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
2022 онд байгуулагдсан тус сүлжээнд өнөөдрийн байдлаар 28 улсын 116 хот нэгдээд байна.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ хог хаягдлын асуудлыг зөвхөн цуглуулах, устгах байдлаар харах биш, эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах нэгдсэн тогтолцоонд шилжих шаардлагатайг онцоллоо.
Дэлхийд сайн жишээ бий. Словенийн нийслэл Любляна 2014 онд Европын Холбооны нийслэлүүдээс анх “Zero Waste” зорилго тавьж, өнөөдөр ахуйн хог хаягдлынхаа 70 орчим хувийг тусад нь ангилан цуглуулдаг болсон.
Эндээс харахад гол шийдэл нь зөвхөн технологи биш. Хотын захиргаа, иргэд, аж ахуйн нэгжүүд нэг тогтолцоогоор ажиллах нь хамгийн чухал.
Манайд ч суурь байна. 2025 онд Улаанбаатар хотод 1.83 сая тонн хог хаягдал үүссэнээс 16.3 хувь нь хуванцар хаягдал байна. Хотын хэмжээнд 1000 гаруй ангилан ялгах цэг ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, бид тэгээс эхлэхгүй. Одоо байгаа ажлуудаа хооронд нь холбож, илүү нэгдсэн систем болгох хэрэгтэй.
Энэ сүлжээнд нэгдсэн нь зөвхөн гэрчилгээ авах тухай биш. Бусад хотын сайн туршлагыг Монголд нутагшуулж, цаашлаад Монголын сайн жишээг дэлхийд харуулах боломж гэж харж байна.


Leave a Reply