Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уулзалтын зорилго нь хамгаалалтын захиргаадын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, 2026 оны хамтын ажлын төлөвлөгөөг сүлжээний түвшинд шинэ түвшинд гаргах юм.
Өнөөдрийн хуралдаанд Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, GIZ-ийн байгаль орчны төслийн дарга Бастиан Флүри нар байр сууриа илэрхийлэн оролцлоо. Мөн улсын болон орон нутгийн ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд, ТББ болон иргэний нийгмийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээр оролцов.
Оролцогчид хамгаалалтын захиргаадын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, тулгамдсан асуудлуудаа хуваалцан, бодлого-төлөвлөлт, хууль эрх зүйн орчин, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд тодорхой санал, байр сууриа илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна. Түүнчлэн нийт нутаг дэвсгэрийн 15 орчим хувь буюу 24.3 сая га нь орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна.
Улсын тусгай хамгаалалттай нутгийн 4 ангиллыг авч үзвэл:
• Дархан цаазат газар – 23
• Байгалийн цогцолборт газар – 37
• Байгалийн нөөц газар – 47
• Дурсгалт газар – 13
Цаашид экологийн хувьд нэн ач холбогдолтой 21 газрыг улсын тусгай хамгаалалтад авах судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж дууссан бөгөөд тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлэн 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилттой байна. Ингэснээр цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 51.4%, ойн сан бүхий газрын 40.3%-ийг хамгаалах боломж бүрдэх юм.
Арга хэмжээг хамтран зохион байгуулж буй байгууллагууддаа баярлалаа:
🇲🇳 Монголын Байгалийн Өв Сан
🇩🇪 Германы KfW банкны “BACCP” төсөл
🇩🇪 GIZ
🇩🇪 Ханнс Зайделийн сан
🌍 The Nature Conservancy (TNC)


Leave a Reply