ТОРГОЖ, ЗОГСООХЫГ УРЬТАЛ БОЛГОЛГҮЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЗӨВЛӨН ТУСАЛНА

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй 616 объектод хийсэн хяналт шалгалтаар 2,287 зөрчил илэрсэн нь аюултай хог хаягдлын менежмент, стандарт мөрдөлт, мэдээллийн хүртээмжийг сайжруулах шаардлага өндөр байгааг харууллаа.

Энэ хүрээнд авто засварын үйлчилгээний салбарын байгаль орчны хариуцлага, аюултай хог хаягдлын менежментийн асуудлаарх сургалтын нээлтэд оролцож, шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, цаашид авах арга хэмжээ, салбарын шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Төрийн хяналт торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн туслах чиглэлийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Зөрчил гарсны дараа арга хэмжээ авах биш, эрсдэлийг урьдчилан бууруулах, шаардлагыг ойлгуулж мөрдүүлэх, хамтран асуудал шийдэх нь илүү үр дүнтэй.

Мөн сургалтад оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд зөвшөөрлийн дарамтыг бууруулж, салбарын 47 зөвшөөрлийг 37 болгон цөөлөх шинэчлэл хэрэгжиж байгаа цаашид зөвшөөрлийн тоог бууруулж, цахимжуулах ажил явагдаж байгааг танилцууллаа.

Шалгалтын дүнгээс харахад хэрэглэсэн тос, химийн үлдэгдэл зэрэг аюултай хог хаягдлын зохистой менежмент чухал хэвээр байна. Нэг л литр хэрэглэсэн тос буруу хаягдвал асар их хэмжээний ус, хөрсийг бохирдуулах эрсдэлтэй гэж үздэг нь энэ асуудал зөвхөн салбарын биш, нийтийн аюулгүй байдлын асуудал гэдгийг сануулж байна.

Мөн хэрэглэсэн тос бол зүгээр хог биш, дахин ашиглах боломжтой нөөц гэдгийг онцоллоо. Жишээлбэл 3.8 литр орчим хаягдал тосыг дахин боловсруулснаар 2.5 литр орчим шинэ тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байдаг. Энэ утгаараа хаягдлыг зөв менежментээр эргэлтийн эдийн засгийн нөөц болгох боломжтой.

Яамны зүгээс хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, зах зээлийн эргэлтэд оруулах шийдлийг чухалчилж байна.

Хяналт, шинэчлэл, зөвлөгөө, цахим шийдлийг уялдуулж, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан байгаль орчны хариуцлагыг сайжруулах нь энэ сургалтын гол агуулга байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *