Монгол Улсын Хоёр жил тутмын ил тод байдлын анхдугаар тайланд хийх олон улсын техникийн үнэлгээ өнөөдөр эхэллээ.

Манай улсын хүлэмжийн хийн нийт ялгарал 1990 оноос хойш 102.1 хувиар өссөн бөгөөд нийт ялгарлын 55.2 хувийг хөдөө аж ахуй, 42 хувийг эрчим хүчний салбар эзэлж байна. Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах зорилт тавиад байна.

Анхны тайлан учраас сайн болсон зүйл ч бий, сайжруулах, засах зүйл ч бий. Гол нь энэ үнэлгээг нэг удаагийн шалгалт гэж харахгүй, дараагийн тайлангаа илүү чанартай болгох, мэдээллийн дэд бүтэц, хүний нөөц, байгууллага хоорондын уялдаа, үндэсний тайлагналын тогтолцоогоо бэхжүүлэх боломж гэж харж байна.

Анхны тайланг боловсруулах явцад тодорхой туршлага хуримтлагдаж, үндэсний тайлагналын тогтолцоо үе шаттайгаар бэхжиж байна. Мөн Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуультай болж, салбарын засаглал, нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилт, ил тод байдлын тогтолцоогоо цаашид улам боловсронгуй болгох эрх зүйн үндсээ бүрдүүлээд байна.

Таван өдрийн турш үргэлжлэх техникийн үнэлгээний үеэр холбогдох яам, агентлаг, судалгааны болон мэргэжлийн байгууллагууд нээлттэй, идэвхтэй хамтран ажиллаж, гарсан зөвлөмжийг дараагийн тайлан болон цаашдын сайжруулалтдаа бодитоор ашиглах нь чухал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *