Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажиллаж байна.
Ажлын хэсэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан.
Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж зөрчиж, салбарын хяналтын байгууллагын шаардлагыг биелүүлдэггүй, холбогдох бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулах, лац, тэмдэг хөндөн үйл ажиллагаагаа удаа дараа үргэлжлүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдлоо. Үүнтэй холбогдуулан 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох байгууллагад хүргүүлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч. Хууль бус олборлолт нь байгаль орчинд ноцтой хохирол учруулж, улсын төсөвт орох орлогыг бууруулж, далд эдийн засгийг бий болгох сөрөг үр дагавартай. Тиймээс хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай төр тууштай тэмцэнэ” гэдгийг онцоллоо.
Байгаль бол бидний үр хойчдоо өвлүүлэн үлдээх хамгийн үнэт зүйл.
Тиймээс хууль, дүрмээ мөрдөж, хариуцлагатай ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг бид дэмжинэ. Харин байгаль орчны хууль, стандартыг зөрчсөн үйл ажиллагаанд хуульд заасан арга хэмжээг авч ажиллана.


Leave a Reply