Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хийж буй төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалтад ажиллалаа.

Хяналт шалгалтын хүрээнд уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг газар дээр нь шалгаж байна.

Шалгалтын явцад хамгаалалтын хашаа, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээний бүрдэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага, баримт бичгийн бүрдүүлэлт, нөхөн сэргээлтийн төлөвлөлт, хэрэгжилт зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд ажиглагдаж байна. Иймд эдгээр нийтлэг зөрчил, дутагдлыг шуурхай арилгуулж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллах, цаашид ижил төрлийн зөрчил дахин гаргахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.

Мөн уул уурхайн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, байгаль орчны зөвшөөрлийн нөхцөл, стандартын шаардлагад нийцүүлэн явуулж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулахгүй байх, хүний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, ажилтан, албан хаагчид болон орон нутгийн иргэдийг болзошгүй осол, аюул, эрсдэлээс хамгаалах зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулж, түүнд тавих хяналтыг эрчимжүүлэхийг Дорноговь аймгийн Байгаль орчны газрын удирдлага болон улсын байцаагчдад үүрэг болголоо.

Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасан “Уурхайгаас гарах хамгийн том баялаг бол ашигт малтмал биш, уурхайчин хүн өөрөө юм” хэмээн онцолсон нь энэхүү шалгалтын зорилго, ач холбогдлыг илэрхийлж байна.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт үргэлжилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *