Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч байгаль орчныг хамгаалах, экосистемийг хадгалан хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж буй нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.
Монгол орны уудам нутагт байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчид өдөр шөнөгүй үүргээ гүйцэтгэж байна. Зарим нь морь, мотоцикл, дурангаа түшиглэн алслагдсан бүс нутагт ажиллаж, хууль бус үйл ажиллагаа, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нь эх орон, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсийн үнэт хувь нэмэр юм.
Уулзалтын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Ерөнхийлөгчийн байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, манлайлал нь усны нөөцөө хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үр дүн авчирч байгааг онцоллоо.
Мөн ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар танилцуулж, Монгол Улс “Газар-Ус-Мод” санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дурдав.
Байгаль хамгааллын үр дүн нэг өдрийн дотор хэмжигддэггүй. Харин өнөөдрийн хөдөлмөр, зүтгэл маань ирээдүй хойч үедээ өвлөгдөн үлдэх үнэт баялаг болдог.


Leave a Reply