МОНГОЛ, СИНГАПУРЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны хэлэлцээр”-т 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сингапур хотноо гарын үсэг зурсан. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаар тогтоолоор уг хэлэлцээрийг баталсан.
Өнөөдөр энэ хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Монгол, Сингапурын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хурал боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил байгуулсан хэлэлцээрээ бодит хэрэгжилт рүү шилжлээ.
Монгол Улс энэ оны 7 дугаар сарын 2-ны өдөр анхны бие даасан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиа баталсан. Энэ хуулиар нүүрстөрөгчийн зах зээл, ногоон болон уур амьсгалын санхүүжилт, хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын нэгдсэн тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Хуулийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмуудыг одоо боловсруулж байна.
Хамтарсан хорооны хурлаар нүүрстөрөгчийн кредитийн хөтөлбөр, аргачлал, төслийн зөвшөөрөл, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн буюу ITMO-г олгох, шилжүүлэх үйл явцыг нарийвчлан хэлэлцлээ.
Талууд хоёр талд нийцсэн 48 аргачлалыг ашиглах, төслийн өргөдлийг гурван үе шаттай хянан шийдвэрлэх, үе шат бүрд ашиглах маягт, загварыг 10 дугаар сарын 17-ны дотор эцэслэхээр тохиролцов. Мөн холбогдох баримт бичгийн хууль зүйн хяналтыг үргэлжлүүлж, шинэчилсэн хавсралтуудыг албажуулах ажлыг хийхээр боллоо.
Хэлэлцээр байгуулсан, хууль баталсан. Одоо хэрэгжүүлэх журмуудаа бүрэн гаргаж, бодит төслүүдээ хөдөлгөх ажил байна. Монгол Улсад хэрэгжих төслүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн нүүрстөрөгчийн кредит болгон баталгаажуулж чадвал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, шинэ технологи, уур амьсгалын санхүүжилтийг татах шинэ боломж нээгдэнэ.


Leave a Reply