Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

Түүний төр, засгийн удирдлагад ажиллаж байсан он жилүүдэд Монгол Улсын байгаль хамгааллын бодлого, эрх зүйн үндэс үе шаттайгаар бэхжиж байсныг түүхэн баримтууд харуулдаг.

Тухайлбал, Богдхан уулыг 1957 онд төрөөс дахин дархалж, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар дархан цаазат газар болгон баталгаажуулсан байдаг.

Мөн 1974 онд Монгол Улсын Усны хууль анх батлагдаж, усны нөөцийг ашиглах, хамгаалах харилцааг хуулийн нэгдсэн зохицуулалтад оруулсан.

1975 онд “БНМАУ-ын Дархан газрын дүрэм” батлагдаж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын эрх зүйн зохицуулалт улам боловсронгуй болсон. Мөн тэр онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар Говийн их дархан цаазат газрыг “А”, “Б” гэсэн хоёр хэсэгтэй байгуулж, Төв Азийн цөлийн экосистем, мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалалтад авчээ.

Эдгээр нь тухайн үеийн Монгол төрийн бодлого, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүн бөгөөд манай улсын байгаль хамгааллын түүхийн чухал үе болон үлдсэн юм.

Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ийм түүхэн хувь нэмэртэй байсан төрийн зүтгэлтэнд зориулсан музей, дурсгалын цогцолбор, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг миний зүгээс хүндэтгэн хүлээн авч, дэмжин ажиллана.

Түүхэндээ хүндэтгэлтэй хандаж, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэх, хариуцлагатай, хөдөлмөрч байх үнэт чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *