МАЗААЛАЙ БААВГАЙГ ХАМГААЛАХ АЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол орны нэн ховор, үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах ажилд бодит хувь нэмэр оруулж буй “Ай Ви Би” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.

Тус байгууллага нь яамтай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах, судалгаа, мониторингийн ажлыг дэмжих, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээг бий болгон ажиллаж байна.

Тухайлбал, мазаалай баавгайн амьдрах нутагт нэмэлт тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх, түгээх үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг бүрэн хариуцан санхүүжүүлсэн нь Алтайн өвөр говийн байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдардаг мазаалай баавгайн идэш тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хамгааллын өдөр тутмын үйл ажиллагаа, тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулахад чухал дэмжлэг боллоо.

Мөн мазаалай баавгай болон говийн бүсийн ховор амьтдын амьдрал, амьдрах орчин, судалгаа, хамгааллын ажлыг олон нийтэд таниулах зорилгоор гэрэл зургийн үзэсгэлэн, судлаачдын илтгэл, уулзалт, хэлэлцүүлэг, баримтат киноны үзвэр, хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн байна.

Эдгээр арга хэмжээнд ЕБС-ийн дунд, ахлах ангийн 400 орчим сурагч, их, дээд сургуулийн 65 оюутан, судлаач болон бусад оролцогч хамрагдаж, нийт 600 орчим хүүхэд, залуус мазаалай баавгай, говийн ховор амьтдын талаарх мэдээлэл, танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцжээ.

Түүнчлэн мазаалай баавгай болон говийн бүсийн ховор амьтдын амьдрал, амьдрах орчин, судалгаа, хамгааллын ажлыг харуулсан 50 гэрэл зургаас бүрдсэн зөөврийн үзэсгэлэнг бэлтгэн өгсөн нь хүүхэд, залууст байгаль хамгааллын ач холбогдлыг ойлгуулахад чухал хувь нэмэр болж байна.

Байгаль хамгаалал бол зөвхөн төрийн байгууллагын ажил бус, иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн хамтын оролцоогоор үр дүнд хүрдэг үйл хэрэг юм.

Мазаалай баавгайг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй “Ай Ви Би” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *