ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БААВГАЙН ХАЛДЛАГААС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хүрэн баавгайн халдлагатай холбоотой үүссэн нөхцөл байдалд онцгой анхаарч, Улсын Онцгой комисс болон холбогдох яам, байгууллагуудад шуурхай арга хэмжээ авах үүрэг өглөө.
Ерөнхий сайд “Баавгай хүний аминд хүрч байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй” гэдгийг онцолж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг үүрэг болголоо.
Үүний хүрээнд баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагчид, мэргэжлийн анчдын багийг ажиллуулах, холбогдох байгууллагуудыг 24 цагаар ажиллуулах, эрсдэлийн мэдээллийг иргэдэд өдөр бүр хүргэхээр боллоо.
Засгийн газар баавгайн унтуулгын буу, эм бэлдмэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг шуурхай оруулж ирэхэд шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ерөнхий сайд уг шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай хангаж, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгав.
Мөн орчин үеийн техник, технологи ашиглан баавгайн тоо толгой, тархац, байршлын мэдээллийг нарийвчлан гаргах үүрэг өглөө.


Leave a Reply