Дорноговь аймагт хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Олон зуун километр шороон зам туулж, уурхайн талбай бүрт хүрч ажиллах явцад хүндрэл бэрхшээл цөөнгүй тулгарч байгаа ч ажлын хэсгийнхэн маань шалгалтын ажлаа үргэлжлүүлж, төлөвлөсөн объектуудаа бүрэн хамруулах чиглэлээр ажиллаж байна.

Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, ус ашиглах зөвшөөрөл, гэрээгүй үйл ажиллагаа явуулсан, хайгуулын цооногийг шаардлагын дагуу битүүмжлээгүй зэрэг зөрчлүүд илэрч байна. Хариуцлагагүй ажилласан аж ахуйн нэгжүүдэд хуульд заасан арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч байна.

Нөгөө талаар байгаль орчны хууль тогтоомжоо мөрдөж, нөхөн сэргээлт, ус ашиглалт, орчны менежментээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажиллаж буй хариуцлагатай аж ахуйн нэгжүүд ч байна. Сайн туршлагыг дэмжиж, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх нь бидний зорилго юм.

Хяналт шалгалтын ажлыг хамтран хэрэгжүүлж буй улсын байцаагчид, мэргэжилтнүүд, жолооч нар болон ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье. Халуун, хүйтэн, урт зам, техникийн саад бэрхшээлийг үл ажран үүргээ нэр төртэй биелүүлж яваа та бүхний хөдөлмөрийн үр дүнд байгаль орчны хууль хэрэгжиж, хариуцлага бэхжиж үр дүн гарч байгаа.

Хяналт шалгалтын зорилго нь зөвхөн зөрчил илрүүлэх бус, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хүн, мал, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *