ДА ХҮРЭЭ ОРЧМЫН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТУРШИЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран хөрсний бохирдлыг бууруулах 5 жишиг төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Да Хүрээ авто худалдаа, засварын төвлөрсөн бүсийн хөрсний бохирдлыг биобэлдмэл ашиглан бууруулах туршилт юм.
Тус бүсийн 20 цэгээс дээж авч, биобэлдмэл хэрэглэхээс өмнөх болон дараах хөрсний эрүүл ахуйн үзүүлэлтийг харьцуулан шинжиллээ.
Үр дүн тодорхой гарч байна.
Анхны шинжилгээгээр 20 цэгийн 10 нь их, 7 нь дунд зэргийн бохирдолтой, ердөө 1 цэг цэвэр байсан. Харин биобэлдмэл хэрэглэсний дараа их бохирдолтой цэгийн тоо 10-аас 1 болж буурч, цэвэр ангилалд багтах цэгийн тоо 1-ээс 10 болж нэмэгдлээ.
Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч Salmonella/Shigella нянгийн үзүүлэлт 90 хувь, Clostridium perfringens 64.7 хувь, E. coli 50 хувиар буурсан байна. Судалгаанд хамрагдсан 20 цэгийн 19-д хөрсний нийт бактерийн тоо буурчээ.
Энэ бол хөрсний бохирдлыг зөвхөн цэвэрлэгээ, хөрс солих аргаар бус, дотоодын шинжлэх ухааны судалгаа, биотехнологийн шийдэлд тулгуурлан бууруулах боломж байгааг харуулсан бодит үр дүн юм.
Цаашид туршилтын үр дүнг баталгаажуулж, үр дүнтэй технологийг бусад бохирдол ихтэй бүсэд нэвтрүүлэхэд анхаарч ажиллана.


Leave a Reply