“Даян Дэлхийн малчдын чуулган”-д оролцож, дэлхийн 100 гаруй орны малчид, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөлтэй хоёр өдрийн турш өрнөсөн хэлэлцүүлгийг хааж үг хэллээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн малчид ган, усны хомсдол, бэлчээрийн доройтол, газрын ашиглалтын дарамт, зах зээлийн өөрчлөлт, малчин ахуйг сонгох залуусын тоо буурч байгаа зэрэг ижил төстэй олон сорилттой тулгарч байна.

Гэхдээ энэ удаагийн чуулган зөвхөн асуудал ярих бус, шийдэл эрэлхийлсэн уулзалт байлаа.

Бэлчээр бол хоосон газар биш. Хүн, мал, ус, ургамал, хүнс, соёл уламжлал, орон нутгийн эдийн засгийг тэтгэдэг амьд экосистем юм.

Малчид ч зөвхөн дэмжлэг шаарддаг хүмүүс биш. Тэд газрын менежер, хүнс үйлдвэрлэгч, уламжлалт мэдлэгийн өв тээгч, шийдвэр гаргах үйл явцын чухал түншүүд юм.

Чуулганаар Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглалыг баталлаа. Эдгээр тунхаглал цаасан дээр үлдэх ёсгүй. Малчдын дуу хоолойг бодит шийдвэр, бодлого, санхүүжилт, үйл ажиллагаанд хүргэх шаардлагатай.

Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй нь түүх, соёл, нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягийн салшгүй хэсэг. Улирлаа даган нүүдэллэх, ус, бэлчээрээ зохистой ашиглах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулах нь өнөөдрийн сорилтуудыг даван туулах чухал шийдэл болж чадна.

8 дугаар сарын 17-нд UNCCD COP17 Улаанбаатар хотноо эхэлнэ.

Энэхүү чуулган нь COP17-ын өмнөх ээлжит арга хэмжээ төдий биш. Тал нутагт амьдарч буй малчдын бодит амьдрал, туршлага, дуу хоолойг олон улсын түвшний шийдвэрүүдтэй холбох чухал гүүр юм.

Чуулганаар баталсан тунхаглалуудыг COP17-д хүргүүлнэ. Харин хүргүүлэх нь зөвхөн эхний алхам. Тэдгээрийг сонсож, хэлэлцэж, бодит үйл хэрэг болгох нь хамгийн чухал.

Зохион байгуулагч орны хувьд Монгол Улс малчдын дуу хоолойг газрын нөхөн сэргээлт, ган, ус, хүнсний тогтолцоо, санхүүжилтийн талаарх COP17-ын хэлэлцүүлгийн салшгүй хэсэг болгохын төлөө ажиллана.

Бэлчээрийг сэргээх нь зөвхөн газрыг сэргээх тухай биш.

Амьжиргааг сэргээх тухай.
Итгэлийг сэргээх тухай.
Ирээдүйн найдварын тухай.

Энэ хоёр өдрийн хамгийн тод мессеж:

“Тал нутгийн шийдэл дэлхийн шийдэл болж чадна.”

Тал нутгаас дэлхийд уламжлалт мэдлэг, орчин үеийн шинжлэх ухаан, малчдын дуу хоолойг хүргэе.

COP17-д уулзацгаая.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *