Гэрэл зургийг Г.Ган-Өлзий
БОУАӨЯ-НЫ САНАЛЫН ДАГУУ ТЭНГИС-ШИШГЭДИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ДЭХ АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЛАА
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дахь Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд байрлах “Тэнгис гол” нэртэй талбайн ашиглалтын MV-012229 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Уг ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2006 онд олгож байсан бөгөөд 2011 онд Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолоор тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан ч лиценз хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох нь байгаль хамгааллын зорилго, хууль тогтоомжтой нийцэхгүй гэж үзэн асуудлыг удаа дараа тавьж, холбогдох байгууллагуудад албан ёсны санал хүргүүлэн ажилласан. Хамгийн сүүлд 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд нэр бүхий ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай саналыг хүргүүлсэн юм.
Өнөөдрийн шийдвэрээр нэр бүхий ХХК-ийн эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болж, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлохтой холбоотой эрх зүйн зөрчил бүрэн ариллаа.
Энэ бол зөвхөн нэг лицензийн асуудал биш. Энэ бол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэмийг бодитоор хэрэгжүүлж, байгаль орчны хууль тогтоомжийг мөрдүүлж, байгалийн үнэт өвөө хамгаалах чиглэлд гарч буй бодит үр дүн юм.
Цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн хууль, эрх зүйн зөрчлийг арилгах, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдүүлэх чиглэлээр тууштай ажиллах болно.

Leave a Reply