“Виктория хүрхрээнээс Улаанбаатар хүртэл: Газар, усны тэсвэртэй байдлын гол цөм болсон намгархаг газар” сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд нээлтийн үг хэлж, панел хэлэлцүүлэгт оролцон асуултуудад хариуллаа.

Хэдхэн хоногийн өмнө Намгархаг газрын тухай конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Мусонда Мумбатай уулзахдаа намгархаг газар, газрын нөхөн сэргээлт, усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү уялдаатай авч үзэх талаар ярилцсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр тэр яриагаа үргэлжлүүлсэн нь онцлог байлаа.

Намгархаг газар бол зөвхөн хамгаалах ёстой байгалийн бүс биш. Ус хуримтлуулж, үерийн эрсдэлийг бууруулж, хуурайшилтын үед гол мөрний урсацыг дэмжиж, газрын доорх усыг нөхөн сэргээдэг байгалийн дэд бүтэц юм.

Монгол Улс олон улсын ач холбогдол бүхий 11 намгархаг газартай. Үүнийг зөвхөн тусгай хамгаалалттай газар гэж харах биш, усны аюулгүй байдал, гангийн эрсдэл, газрын нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалтын бодлоготой шууд холбох шаардлагатай.

Мөн “Нэг сум–Нэг нуур” буюу “333 нуур” санаачилгын хүрээнд нуур, булаг шанд, голын эх, сав газрыг тус тусад нь биш, нэг бүхэл усны тогтолцоо гэж харж нөхөн сэргээх нь чухал гэдгийг онцоллоо.

Панелын үеэр нэг энгийн зарчмыг хэлсэн: мэдээллээ нэг удаа цуглуулж, нэг удаа баталгаажуулаад олон зорилгоор ашиглая. Ус, газар, биологийн олон янз байдал, уур амьсгалын мэдээллийг тус тусад нь биш, нэг суурь мэдээлэл дээр тулгуурлан бодлого, тайлагнал, хөрөнгө оруулалтад ашиглах боломжтой.

Харин хамгийн энгийн хэмжүүр нь: ус нэмэгдсэн үү, экосистем сайжирсан уу, биологийн олон янз байдал сэргэж байна уу, орон нутгийн иргэд илүү тэсвэртэй болсон уу гэдэг асуулт юм.

Нээлтийн үг хэлж, панелд оролцон өөрсдийн хийж буй ажлаа хуваалцахын зэрэгцээ бусад орны туршлагаас сонсож, ойлгож, сурах зүйл үнэхээр их байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *