Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, уур амьсгал ба байгаль орчны хамгаалал, бүс нутаг, усны менежментийн яам болон Австрийн Ойн судалгааны төвийн төлөөлөгчидтэй уулзаж, ойн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Австри улс тогтвортой ойн менежмент, ойн тооллого, мониторинг, ой хамгааллын технологиор Европт тэргүүлэгчдийн нэг. Энэ хүрээнд Монголын ойн тогтвортой менежментийг сайжруулах, ойн хортон шавж, түймрийн эрсдэлийг бууруулах, судалгаа, чадавх бэхжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Монгол Улс 2022 онд Европын Холбооны Ойн түншлэл хөтөлбөрт Ази тивээс анх нэгдсэн улс болсон нь энэ салбарт олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж байгаа. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, агро ойн аж ахуй, ойн хуулийн шинэчлэл, цөлжилт газрын доройтолтой тэмцэх бодлогыг уялдуулан хамтрах боломжуудыг хөндлөө.

Танин мэдэхүйн нэг баримт дурдахад, Монгол Улсын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 9 орчим хувь нь ойгоор бүрхэгддэг бөгөөд эдгээр ой нь зөвхөн биологийн олон янз байдлыг хамгаалаад зогсохгүй усны эх үүсвэр, хөрсний хамгаалалт, нүүрстөрөгч шингээлтийн чухал тулгуур юм.

Мөн ирэх жил Улаанбаатарт болох UNCCD COP17-ын хүрээнд ойн нөхөн сэргээлт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон нь ач холбогдолтой байлаа.

Хээрийн нөхцөлд Сэлэнгэ, Орхон аймагт хэрэгжиж буй төсөлтэй танилцаж буй нь цаашдын хамтын ажиллагааг бодит үр дүнтэй болгоход чухал суурь болно гэж үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *