Боловсролын яам, Хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулсан “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт салбар хуралдаанд оролцож, байгаль орчны боловсрол, хүүхэд залуучуудын оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд говийн бүсийн аймгуудаас ЕБС-ийн сурагчид ирж оролцож байгаа нь их сайхан санагдлаа. Дундговь аймгийн Сайнцагаан сумын сурагч Ш.Уранхайч, Э.Алтантуяа, С.Амина нарын дүү нар ч оролцож, өөрсдийн нутагт тулгарч байгаа асуудлаа маш тодорхой ярьж байна.
Тухайлбал Э.Алтантуяа говийн бүсэд угалз, шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаа, цөлжилттэй тэмцэхэд зөвхөн төрийн байгууллага биш, хүүхэд залуучууд, цаашлаад иргэн бүрийн оролцоо хэрэгтэй байгааг өөрийн илтгэлдээ онцоллоо.
Хүүхдүүд үнэхээр мундаг байна. Байгаль орчны асуудлыг биднээс ч илүү анзаарч, илүү их ярьж, хамгийн гол нь “Бид өөрсдөө юу хийж болох вэ?” гэж асууж байна.
Өнөөдрийн ярилцлагын үеэр би нэг зүйлийг онцоллоо. Монгол Улсын газар нутгийн 81.9 хувь нь доройтолд өртсөн энэ үед байгаль орчны боловсролыг зөвхөн сурах бичгээр хязгаарлаж болохгүй. Хүүхдүүд өөрсдийн амьдарч байгаа орчиндоо ус, хөрс, бэлчээр, ой, хог хаягдлын асуудлыг өөрсдөө харж, судалж, хэмжиж, шийдэл олох боломжтой байх хэрэгтэй.
Говийн хүүхдийн хувьд ус, цөлжилт, бэлчээрийн асуудал хамгийн ойр байж болно. Ойн бүсийн хүүхдийн хувьд ой, биологийн олон янз байдал, түймрийн эрсдэл чухал. Харин Улаанбаатарын хүүхдүүдийн хувьд агаарын бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээ өдөр тутмын бодит асуудал нь байна.
Хуралдаанаар сургалтын хөтөлбөрт экологийн боловсролын агуулгыг илүү бодит амьдралтай холбох, сургууль, гэр бүл, төр, орон нутаг болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар олон хэрэгтэй санал гарлаа.
Бид хүүхдүүдэд зөвхөн зааж сургах биш, тэдний дуу хоолойг илүү сайн сонсох хэрэгтэй.


Leave a Reply