БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр (2026.05.01) Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулагдаж, яам, харьяа агентлагууд, Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны байгууллагууд, мэргэжлийн холбоод болон олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл зэрэг салбарын 500 гаруй албан хаагч оролцов.

Зөвлөгөөнийг нээж, салбарын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо чухал болохыг онцоллоо. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир салбарын бодлогын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулга хийж, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зорилт, ач холбогдол, Монгол Улсын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Зөвлөгөөний үеэр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”, “Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай хууль”, “Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль”, “Байгалийн ургамлын тухай хууль”-ийн төслүүдийг танилцуулж, холбогдох санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Арга хэмжээний төгсгөлд салбарын албан хаагчдын санал, хүсэлт, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, сайн туршлага, санал санаачилга, шүүмжлэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн болон салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү зөвлөгөөн нь салбарын бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг бодитоор хэлэлцэж, шийдлийг хамтдаа тодорхойлох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Түүнчлэн төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг тодорхой, тогтвортой болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлж, 2026 оны эхний хагас жилд багтаан тодорхой үр дүнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Салбараа сонсож, шийдлээ хамтдаа тодорхойлъё.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *