Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинээр томилогдож буй Суурин төлөөлөгч Жон Жүхёнтэй уулзаж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банк нь манай салбарын томоохон түнш, санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд COP17-ын бэлтгэл ажилд сүүлийн хоёр жилийн хугацаанд 500 мянган ам.долларын техникийн дэмжлэг үзүүлж, үндэсний хэлэлцээний багийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Монгол Улс COP17-ыг зохион байгуулаад зогсохгүй, Талуудын бага хурлыг дараагийн хоёр жилийн хугацаанд даргална. Иймд бага хурлын үеэр дэвшүүлэх санаачилгуудаа бодит төсөл, санхүүжилт, урт хугацааны хамтын ажиллагаатай уялдуулах нь бидний хувьд чухал.

Уулзалтаар бэлчээрийн тогтвортой менежмент, ус, газар болон байгальд суурилсан шийдэл, баруун бүсийн ногоон шилжилт, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн хэрэгжилт, гол мөрөн, намгархаг газрын экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Жон Жонд ажлын амжилт хүсье. Цаашид COP17 болон Монгол Улсын хоёр жилийн даргаллын хүрээнд бодит үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *