Олон улсын Тогоруу хамгаалах сангийн үүсгэн байгуулагч, дэлхийд нэр хүндтэй байгаль хамгаалагч доктор Жорж Арчибалдад Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалийг гардууллаа.

Доктор Жорж Арчибалдын Монгол Улстай хамтран ажилласан түүх 1992 оноос эхэлдэг. Тэр цагаас хойш Монголын тогоруу, ус намгархаг газрын судалгаа, хамгааллыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тасралтгүй хувь нэмэр оруулж иржээ.

Энэ хамтын ажиллагааны үр дүнд Монгол Дагуурын дархан цаазат газар байгуулагдаж, Монгол, Орос, Хятад гурван улсын хил дамнасан Дагуурын тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагаа хөгжсөн. Мөн Хэнтий аймгийн Хурх, Хүйтний хөндийд цэн тогоруу, ус намгархаг газрын урт хугацааны судалгаа, мониторинг, хамгааллын ажил тогтвортой үргэлжилж байна.

Эдгээр судалгаа, хамгааллын ажлын үр дүнгээр хоёр зуун мянга гаруй га талбай бүхий Хурх-Хүйтэний байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авах шинжлэх ухааны үндэслэл бүрдсэн нь бодит үр дүнгийн нэг юм.

Монголын байгаль хамгааллын салбарт гуч гаруй жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан доктор Жорж Арчибалдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *