Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2026–2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн баталлаа.

Өнөөдөр манай салбарын 87 төрийн байгууллагад 2,832 төрийн албан хаагч ажиллаж байна. Салбарын бодлого, хууль, шийдвэр эцсийн дүндээ эдгээр хүмүүсийн хөдөлмөрөөр газар дээрээ хэрэгждэг. Тиймээс ажилтнуудын цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа бол салбарын бодлогын салшгүй хэсэг гэж харж байна.

Оны эхнээс яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлсэн. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотголд тусган ажиллаж байна. Цаашид зөвхөн цалин нэмэх бус ажлын бодит ачаалал, хариуцлага, ангилал зэрэглэл, нэмэгдэл, урамшуулал, нийгмийн баталгааг үе шаттай сайжруулах шаардлагатай.

Мөн салбарын ажилтан, албан хаагчдын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой томоохон шийдвэр гаргахдаа үйлдвэрчний эвлэлийн саналыг авч, Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оролцуулахаар шийдвэрлэлээ. Хууль эрх зүйн шинэчлэл, бүтэц зохион байгуулалтын асуудалд ч салбарынхаа мэргэжлийн хүмүүсийн саналыг бодитоор тусгаж ажиллана.
Салбарын хөгжил гэдэг зөвхөн шинэ бодлого, шинэ хууль, шинэ төсөл биш. Тэр бүхнийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирч байж салбар хүчтэй болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *