Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Талуудын 17 дугаар бага хурлын дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нарын хамт хэвлэлийн бага хурал хийж, 12 өдрийн ажлын үр дүнг дүгнэлээ.

Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч өнөөгийн санхүүжилт 77 тэрбум ам.долларын түвшинд байна. Энэ удаагийн хурлын үеэр дэлхийн хэмжээнд газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэх чиглэлээр 16 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт, санаачилга яригдлаа.

Монгол Улсын хувьд ногоон төсөл, хөтөлбөрүүдэд чиглэсэн гэрээ, хэлэлцээр, санамж бичиг болон санхүүжилтийн амлалтын нийт дүн 1.48 тэрбум гаруй ам.долларт хүрлээ.

Үүнд Европын хөрөнгө оруулалтын банкны 200 сая евро, Дэлхийн банкны 100 сая ам.доллар, газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн 130 сая ам.доллар, Монголын ногоон санхүүгийн корпораци болон ХААН Банкны 50 сая ам.долларын хэлцэл багтаж байна.

Мөн Улаанбаатар хотын ногоон хөгжил, нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, автозам, ногоон байгууламжийн чиглэлээр 400 сая ам.долларын гэрээ, хэлэлцээр хийгдсэн. Үүнээс гадна 863 МВт-ын ногоон хиймэл оюуны дата төвүүдийг хөгжүүлэх чиглэлээр 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын боломж бүхий санамж бичгүүд байгуулагдлаа.

Хамгийн чухал нь эдгээр тоо, амлалтыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт, газар дээрх үр дүн болгох явдал. Хурал өндөрлөж байгаа ч бидний дараагийн ажил одоо эхэлж байна.

Эх дэлхийгээ сэргээж, итгэл найдвараа бадраая.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *