НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн шинэчлэл, цаашдын бодлого, хэрэгжилтийн замын зургийг танилцуулах салбар арга хэмжээнд оролцлоо.
Монгол Улс 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай анхны хуулиа баталснаас хойш 32 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хууль 17 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч үндсэн бүтэц нь төдийлөн өөрчлөгдөөгүй. Харин өнөөдөр манай улс 120 тусгай хамгаалалттай газар нутагтай, нийт 32.8 сая га буюу улсын нутаг дэвсгэрийн 20.8 хувийг хамгаалалтад аваад байна. Цаашид 2030 он гэхэд 30 хувь, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт тавьсан.
Гэхдээ бидний зорилго зөвхөн хамгаалалттай газрын хэмжээг нэмэх биш. Хамгаалалтад авсан газар бодитоор хамгаалагддаг, менежмент нь үр дүнтэй, нутгийн иргэд оролцдог, тогтвортой санхүүжилттэй байх ёстой.
Тиймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчлэлээр хамгаалалтын ангилал, шалгуурыг олон улсын жишигтэй нийцүүлэх, хамтын менежментийг бэхжүүлэх, судалгаа мониторингийг сайжруулах, буфер бүс, газар ашиглалт, байгальд ээлтэй аялал жуулчлал болон тогтвортой санхүүжилтийн зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна.
Хуулийн шинэчлэлтэй зэрэгцээд 2026–2036 онд хэрэгжүүлэх Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байна. Энэ замын зураг 7 үндэсний зорилт, 31 үр дүн, 91 хэрэгжүүлэх арга хэмжээг багтааж, хамгаалалттай газар нутгийг шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, үр дүнтэй менежмент, нутгийн иргэдийн оролцоо, хяналт-шинжилгээ, байгальд түшиглэсэн аялал жуулчлал, урт хугацааны санхүүжилттэй холбож өгч байгаа юм.
Хууль нь эрх зүйн үндсийг тавина. Замын зураг нь хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлно. Ингэж байж 30×30 зорилт зөвхөн тоо биш, бодит хамгааллын үр дүн болно.


Leave a Reply