Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Ботсвана Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Винтер Бойпусо Ммолотситой уулзаж, хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол, Ботсвана хоёр газар зүйн хувьд алс боловч хуурай уур амьсгал, ган, цөлжилт, бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг ижил төстэй сорилттой орнууд. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежмент, гангийн тэсвэржилт, усны нөөцийн хамгаалалт, байгаль хамгаалалд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

Ботсвана нь 130 мянга гаруй заантай, дэлхийн хамгийн том зааны популяцитай орнуудын нэг бөгөөд зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн коридорыг хамгаалах чиглэлээр арвин туршлагатай. Энэ хүрээнд Монголын хулан, цагаан зээр зэрэг нүүдлийн амьтдын амьдрах орчин, нүүдлийн замыг хамгаалах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, хоёр улсын туршлагыг харилцан судлах талаар санал солилцлоо.

Цаашид хуурай бүсийн экосистем, бэлчээр, зэрлэг амьтан хамгаалал, тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *