ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ХҮРЭЭНД БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД ЧИГЛЭСЭН ТОМООХОН САНХҮҮЖИЛТҮҮД ЗАРЛАГДАЖ БАЙНА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд бодлого, санаачилгаас гадна байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, бэлчээр, гангийн тэсвэржилтийг дэмжих бодит санхүүжилтийн шинэ боломжууд дараалан зарлагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэх “Эрмэлзлийн захидал” байгууллаа. Үүний хүрээнд 20 сая евро хүртэлх буцалтгүй тусламж, 100 сая евро хүртэлх Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээл олгож, үлдэх санхүүжилтийг бусад эх үүсвэрээс татахаар ажиллаж байна. Энэ хөрөнгө оруулалт ой модыг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээхээс гадна орон нутагт бизнес, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэнэ.

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банк групп “Тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж, 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж байна. Энэ нь газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон өртгийн сүлжээ, тогтвортой ажлын байрыг дэмжих зорилготой.

Азийн хөгжлийн банк болон түншүүд мөн “Газрын доройтол, цөлжилтийг таслан зогсоох хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх” санаачилгыг Улаанбаатарт эхлүүлж, 2035 он хүртэл Ази, Номхон далайн бүсэд дор хаяж 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавилаа. Энэ хүрээнд 1 сая орчим га газрыг тогтвортой менежментэд хамруулж, газар, ойн нөхөн сэргээлт, голын сав газар, усны менежмент, гангийн тэсвэржилтийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү санаачилга Монгол Улс болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын манлайлж буй Дэлхийн бэлчээрийн тэргүүлэх санаачилгатай уялдан хэрэгжинэ.

Үүний зэрэгцээ Олон улсын байгаль хамгаалах холбоо болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг Дэлхийн экосистемд суурилсан дасан зохицох сан 7.5 сая ам.долларын шинэ грантын санхүүжилт зарлалаа. Жижиг төслийн грант 250 мянган ам.доллар хүртэл, дунд хэмжээний төслийн грант 500 мянган ам.доллар хүртэл байх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийг нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлийг өргөжүүлэх төслүүдийг дэмжинэ.

Эдгээр санхүүжилтийн зориулалт, хамрах хүрээ өөр боловч нэг зорилгод нийлж байна. Газрын доройтол, цөлжилт, бэлчээр, ой, ус, уур амьсгал, биологийн олон янз байдлын асуудлыг зөвхөн бодлого, амлалтын түвшинд бус бодит төсөл, бодит хөрөнгө оруулалттай холбох.

Монгол Улсын дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” ч энэ зорилготой. Бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгуудаа олон улсын санхүүжилттэй холбож, хэрэгжих төслийн багц болгох нь бидний дараагийн чухал ажил юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *