НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болсон “Монголын уур амьсгалын ирээдүйн боломжийг нээх нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээнд оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад ирээдүйд тулгарах эрсдэл биш, өнөөдөр бодитоор мэдрэгдэж буй сорилт болоод байна. Манай улсад цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл урт хугацаанд жилд дунджаар 63 удаа тохиолдож байсан бол сүүлийн 10 жилийн дундаж 99 удаа болж өсжээ. Ган, зуд, үер, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга зэрэг үзэгдэл нь иргэдийн амьжиргаа, мал аж ахуй, усны нөөц, дэд бүтэц, эдийн засагт улам их эрсдэл учруулж байна.
Мөн Монгол орны цөлжилт, газрын доройтлын шинэчилсэн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртөөд байна. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны асуудлыг салангид бус, харилцан уялдаатай нэг цогц бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна.
Энэ нөхцөлд Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа баталсан нь томоохон бодлогын шинэчлэл боллоо. Тус хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох үйл ажиллагааг улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөв, хөрөнгө оруулалт болон орон нутгийн үйл ажиллагаатай уялдуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Бодлого, манлайллын хүрээлэнгийн захирал М.Сугар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төлөөлөгч Бастиан Флури, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн хэрэгжилт, дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт, карбон зах зээл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулах, бодлогын хэлэлцүүлгийг өрнүүлэх, батлуулах хүртэлх үйл явцад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж, тууштай хамтран ажилласан ХБНГУ-ын Засгийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Бодлого, манлайллын хүрээлэн (IPL) болон нийт түншүүддээ талархал илэрхийллээ.
Хууль батлагдсан нь ажлын төгсгөл биш, хэрэгжилтийн эхлэл юм. Цаашид хуулийн зохицуулалтыг бодит ажил болгож, салбар бүрийн бодлого, төлөвлөлт, төсөв, хөрөнгө оруулалттай уялдуулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилт болон карбон зах зээлийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.
Мөн энэ үеэр ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Заатхоффтой уулзаж, санал солилцлоо.
Уур амьсгалын эрсдэлийг бууруулсан, байгалийн нөөцөө хамгаалсан, тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг бий болгохын төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ.


Leave a Reply