ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД COP17-ЫН ХЭЛЭЛЦЭЭ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮХ ШАТАНД АЖИЛЛАНА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр төрийн албан хаагчид зөвхөн зохион байгуулалтын арын албанд бус, олон улсын хэлэлцээ, албан ёсны хуралдаан, салбар хуралдаан, протокол, зочин төлөөлөгчдийн үйлчилгээ, мэдээлэл, аюулгүй байдал, логистик болон бусад чиглэлээр бүх шатанд ажиллана.

Бага хурлын батлагдсан хөтөлбөрт үндэслэн үйл ажиллагаа тус бүрийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, хариуцсан байгууллага, албан хаагчдыг томилон, нэгдсэн зохион байгуулалтад оруулж байна. Мөн чиглэл бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хэлэлцээний явц, хуралдааны дэг, олон улсын протокол, зочин төлөөлөгчидтэй ажиллах ажиллагаа болон онцгой нөхцөлд авах арга хэмжээний сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир болон Ажлын албаны ахлахууд бага хурлын хөтөлбөр, нарийвчилсан төлөвлөгөө, чиглэл тус бүрийн зохион байгуулалтыг танилцуулж, төрийн байгууллагуудын албан хаагчдыг ажил үүргийн дагуу хуваарилан, бэлэн байдлыг бүрэн хангах үүрэг, чиглэл өглөө.

Төрийн албан хаагчид COP17-ын хүрээнд:

– олон улсын хэлэлцээ, албан ёсны хуралдааны үйл ажиллагааг дэмжих;
– үндэсний байр суурь, бодлогын мэдээллийг шуурхай солилцох;
– өндөр түвшний зочин, төлөөлөгчдийн протокол, угталт, үйлчилгээ;
– хуралдааны танхим, бүртгэл, мэдээлэл, орчуулга, хэвлэл мэдээллийн зохицуулалт;
– тээвэр, логистик, аюулгүй байдал, онцгой байдлын бэлэн байдал;
– салбар болон тусгай арга хэмжээнүүдийн зохион байгуулалт;
– оролцогчдын хүсэлт, санал, асуудлыг шуурхай шийдвэрлэх зэрэг чиглэлээр нэгдсэн баг болон ажиллана.

Бэлэн байдлыг хангах сургалтад бүх яам, төрийн захиргааны төв болон төрийн бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд, чиглэл тус бүрийн хариуцсан албан хаагчид оролцлоо.

COP17 нь зөвхөн нэг байгууллагын зохион байгуулах хурал бус, Монгол Улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, сахилга хариуцлага, мэргэжлийн чадавхыг олон улсын түвшинд харуулах томоохон үйл ажиллагаа юм. Иймд төрийн албан хаагч бүр хариуцсан чиглэлдээ мэргэжлийн, шуурхай, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах бэлтгэлийг хангаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *