Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа долоодугаар сарын 5-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Найман өдрийн турш Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1700 гаруй харваач үндэсний сурын спортын ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, монгол сурын өв уламжлал, ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулсан сайхан наадам боллоо.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Сурын салбар хорооны даргын хувьд энэхүү наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө хичээн зүтгэсэн салбар хорооны нийт гишүүд, шүүгчид, зохион байгуулагчид, эмч, хамгаалалтын алба, техник үйлчилгээний ажилтнууд, сайн дурын ажилтнууд болон хамтран ажилласан төр, хувийн хэвшлийн байгууллага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн үндэсний сурын өв соёлыг түгээн дэлгэрүүлж, ёс жудаг, тэсвэр хатуужил, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн нийт харваачид, дасгалжуулагчид, ар гэрийнхэн, дэмжигчиддээ баярлалаа.

Энэ жилийн улсын наадамд Монгол Улсын даян мэргэн цолын болзол хангасан Х.Болдбаатар, Монгол Улсын мэргэн цолын болзол хангасан С.Тогоохүү, Монгол Улсын гоц харваач цолын болзол хангасан Н.Базаррагчаа болон улсын цолны болзол хангасан, амжилттай оролцсон нийт харваачдадаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Монгол үндэсний сурын өв уламжлал үеийн үед өвлөгдөн хөгжиж, цэц мэргэн харваачдын эгнээ улам өргөжин тэлэх болтугай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *