ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваанд амжилттай оролцож, шилдэгээр шалгарсан харваач хүүхдүүдэд өнөөдөр шагнал гардууллаа.
Энэ жилийн өсвөрийн сурын харваанд улс орны өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд, өсвөрийн харваачид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, үндэсний сурын харвааны ирээдүйг тодорхойлох шилдэг тамирчид тодорсон юм.
Өсвөрийн эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Сонгино сумын уугуул, Хилчин спорт хороо, “Есүхэй мэргэн” клубын харваач Д.Тэмүүлэн түрүүлж, “Идэр мэргэн” цол хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, “Хантайшир зурхай Сутайн мэргэд” сургалтын төвийн харваач Э.Халиунаа мөн түрүүлж, “Идэр мэргэн” цолны эзэн болов.
Шагнал гардуулах үеэр Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан шилдэг амжилт гаргасан хүүхэд, өсвөрийн харваачдад баяр хүргэж, үндэсний сурын харвааны өв уламжлалыг өвлөн хөгжүүлж, ирээдүйд олон улсын болон үндэсний хэмжээний өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Өсвөрийн сурын харваан дахь өрсөлдөөн жилээс жилд өргөжин тэлж, хүүхэд, залуусын үндэсний өв соёл, үндэсний спортод хандах сонирхол нэмэгдэж буйг энэ удаагийн тэмцээн дахин харууллаа.

Leave a Reply