НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сан болон түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн нээлтийн хуралд оролцлоо.
Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хот, суурин газарт амьдарч, Улаанбаатар хотод улсын нийт хүн амын бараг тал хувь нь төвлөрөөд байна. Иймээс хотын хөгжлийг зөвхөн зам, барилга, дэд бүтцээр бус, иргэдийн эрүүл, аюулгүй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар хэмжих шаардлагатай.
Төслийн хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн 7.26 сая ам.долларын буцалтгүй тусламж, Засгийн газар болон түнш байгууллагуудын хамтын санхүүжилтээр нийт 235 сая ам.долларын багц хэрэгжинэ. Үүний үр дүнд 11.8 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, 39 мянга гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 75 мянга гаруй иргэнд шууд үр өгөөж хүргэхээр зорьж байна.
Энэ төсөл нь зөвхөн гурван хотын төсөл бус, Монгол Улс КОП17-ыг зохион байгуулагч орны хувьд дэлхий нийтэд танилцуулах байгальд суурилсан бодит шийдэл, хөрөнгө оруулалтын жишээ юм.
Бид хотыг байгальд дасан зохицуулах бус, байгальтайгаа зохицон хөгждөг хотыг бүтээх цаг ирээд байна.


Leave a Reply