“Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал боллоо.

Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газарт амьдарч байгаа энэ үед хотжилтын шинэ сорилтуудыг зөвхөн дэд бүтэц бус байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан шийдвэрлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хэрэгжиж, байгальд суурилсан шийдэл, тогтвортой хот төлөвлөлт, газрын доройтлыг бууруулах бодит арга хэмжээг дэмжинэ.
Хурлаар төслийн засаглалын бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв болон зөвлөх үйлчилгээний ажлын хүрээг хэлэлцэн баталлаа.

Төслийн хүрээнд нийт 235 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгжиж, 11.8 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, 39 мянга гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээх, 75 мянга гаруй иргэний амьдрах орчны чанарыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлнэ.

Энэ бол зөвхөн байгаль орчны төсөл биш. Хотын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд хүртээмжтэй шинэ шатанд гаргах бодит хөрөнгө оруулалт юм.

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж буй энэ үед байгальд суурилсан шийдлийг хот байгуулалт, хөгжлийн бодлогод нэвтрүүлэх томоохон ажлууд ийнхүү эхэлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *