Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, яамны газар, хэлтсийн удирдлагуудын хамт ахмад настнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт, зорилтуудын талаар мэдээлэл өгч, ахмад настнуудын санал хүсэлт, шүүмжлэл, зөвлөмжийг сонсон, сонирхсон асуултуудад нь хариулт өглөө.

Ахмадуудын зүгээс газрын хэвлийн баялгаас гадна газрын хөрсөн дээрх баялаг болох ой, ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн салбар дахь хариуцлагыг сайжруулах, байгаль орчны эсрэг зөрчилд хатуу хариуцлага тооцох шаардлагатай байгааг онцлон хэлж байв.

Ахмад үеийн туршлага, үнэт зөвлөгөө нь төрийн бодлого, шийдвэр гаргалтад чухал хувь нэмэр оруулдаг. Иймээс иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хүн бүрийг байгаль хамгаалагч байх хандлагыг төлөвшүүлэх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч хамтран ажиллах болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *