Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон салбарын хамт олонтойгоо “Монгол Улсад бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтэд оролцож, мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэсний хэмжээний бодит хөдөлгөөн болон өргөжиж, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог нэгтгэж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгчид, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр болон 600 гаруй иргэн оролцож, байгальдаа өгч буй хувь нэмрээ бодит үйлдлээр илэрхийллээ.

Жил бүрийн тав болон есдүгээр сарын хоёр дахь Бямба, Ням гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 127.9 сая мод тарьсан бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 35.3 сая, 21 аймагт 30.3 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 49.9 сая, банк, санхүүгийн байгууллагууд 3 сая, төрийн байгууллагууд 4.8 сая, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 3.3 сая мод тарьжээ.

Энэ жилийн мод тарих өдрийг “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор зохион байгуулж байна. Байгаль хамгаалал бол зөвхөн нэг өдрийн ажил биш, хамтын оролцоо, тогтвортой хандлага, хойч үедээ үлдээх хариуцлага юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *