АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭН, УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Өнөөдөр 2026-2030 онд байгаль орчны салбарт 2000 мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх “Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй аймаг, нийслэлийн байгаль орчны салбарын мэргэжилтэн, улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтын нээлтэд оролцлоо.

Нээлтийн үеэр байгаль орчны салбарт хэрэгжиж буй хууль эрх зүйн шинэчлэл, хэрэгжилтийн түвшинд тулгарч буй асуудал, орон нутгийн оролцоог бэхжүүлэх шаардлагын талаар мэдээлэл өгч, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар товч танилцуулж, энэхүү хуралд орон нутгийн оролцоо, салбар хоорондын уялдаа, үндэсний чадавх чухал болохыг тэмдэглэв.

Үүнээс гадна байгаль хамгааллын санхүүжилтийн шинэ эх үүсвэр бүрдүүлэх нэг болох аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1 хувийн хөнгөлөлтийн хүрээнд байгаль орчны төсөл, арга хэмжээг хамруулах боломжийг судалж, энэ чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүллээ.

Газар дээр нь ажиллаж, бодлогын хэрэгжилтийг бодит ажил болгодог мэргэжилтэн, улсын байцаагчдын мэдлэг, ур чадвар, чадавхыг тасралтгүй бэхжүүлэх нь салбарын шинэчлэлийн суурь болохыг онцолж, энэ чиглэлд яамны зүгээс анхаарч ажиллах байр сууриа илэрхийлэв.

“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2000 мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилт нь зөвхөн шинэ боловсон хүчин бэлтгэх бус ажиллаж буй салбарын хүний нөөцийг тогтмол чадавхжуулах агуулгатай бөгөөд энэхүү сургалт уг зорилгын бодит хэрэгжилтийн нэг хэсэг болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *