Одоогоос 11 жилийн тэртээ 23 настай Ш.Батбаяр хүү хүсэл мөрөөдөл нэгтэй багын найзтайгаа хамтран хүүхдийн эмнэлэг барихаар хандив цуглуулж айв. Тухайн цаг үед хандив, тусламжийн талаарх иргэдийн ойлголт хангалттай байгаагүй учраас Их сургуулийн ширээнээс дөнгөж өндийсөн “сөөсгөр” хоёр залууг үл итгэсэн нүдээр харж байсан нь тодорхой. Залуус маань эмнэлэг барих ажлаа эхлүүлж чадаагүй ч хүүхдийн эмнэлэг барина, зуслан байгуулна, эрэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах холбоог байгуулж олон ажил хийнэ дээ гэсэн хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхиогүй юм. Тиймдээ ч 11 жилийн дараа тэдний хүсэл мөрөөдөл нь биелэж өнөөдөр Сүхбаатар дүүргийн хүүхэд, залуучуудын ногоон бүсийн зуслан байгуулах ажлаа хамтдаа хийж байх юм. Хүүхдийн эмнэлэг байгуулах мөрөөдөл ч ажил болж, эмнэлгийн ТЭЗҮ-г боловсруулж, бэлэн болгочихоод сууж байна. Аливаа ажлыг хийх, асуудлыг шийдвэрлэхдээ “Би яагаад чадахгүй гэж. Надаас өөр хэн чадах юм” гэсэн “тэнэг” зоригоор ханцуй шамлан орчихдог учраас Ш.Батбаяр өнөөдрийг хүртэл ажилласан салбар бүхэндээ амжилт гаргасаар өдгөө улсаа хөгжүүлэх хамгийн том мөрөөдлөө ажил хэрэг болгохоор сонгогч таны өмнө нэр дэвшиж байна. Бид нэг үеийнхэн. Ш.Батбаяр Улаанбаатар хотод Я.Шүрэнчулуун эмчийн гэр бүлд бага хүү нь болж мэндэлжээ. Нас хэдий залуу ч ажилласан салбар, хийж бүтээсэн нь ямар их болохыг та намтраас нь харж байна. Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг “Системийн удирдлага” мэргэжлээр төгссөн хүү Сингапур, Тайваньд мэргэжил дээшлүүлчихсэн, гадаад харилцааны салбарт ажиллан, “итгэмжит” цолтой дипломатч болчихож. Байгаль орчин, аялал жуулчлал, Барилга хот байгуулалтын яаманд ажиллах, УИХ-ын гишүүний зөвлөх хийхийн зэрэгцээ өдгөө хүүхэд, залууст чиглэсэн сайн контент бүтээгч “STAR” телевизийг удирдан ажиллуулж байна. Монголын Үндэсний олимпын хорооны гишүүн, Монголын морин спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн НАМЗХ-ны тэргүүн зэрэг сонгуульт ажлыг ч зэрэг, зэрэг амжуулж яваа нийгмийн идэвхтэй шинэ үеийн залуусын төлөөлөл юм. Ээж, аав хоёрынхоо мэргэжлийг эзэмшин эмч болохыг хүссэн ч, дүнг нь зориудаар дарж байсан багшийнхаа шударга бус явдалтай эвлэрч чадалгүй сургуулиа өөрөө сольж, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шилжин суралцаж байсан “том” толгойт. Тэр айлын бага хүүхэд хэдий ч багаасаа тун хэрсүү өссөн ажээ. Үе тэнгийн найзуудтайгаа хамт үймүүлэх бус “хүүхдийн эмнэлэг байгуулна” хэмээн зүтгэж явсан том мөрөөдөгч маань төрийн хоёр ч сайдад зөвлөж, мэргэшсэн “Итгэмжит” дипломатч төдийгүй ажил болгоныг амжуулахын төлөө төрчихсөн аятай гүйж явдаг завгүй менежер, эко боловсрол олгох сайн контент бүтээж яваа удирдагч болжээ. Харин одоо “Хамтдаа өөрчилье, хүчээ нэгтгэе” хэмээн улс төрд хөл тавьж буй түүнийг ирээдүйн “том” улстөрч болно гэж би итгэж байна. “Та нар яагаад Ш.Батбаярт итгэдэг вэ” хэмээн ойр тойрных нь олон хүнээс асуухад “итгэж болох хүн” гэсэн ганцхан тодорхойлолт өгөв. Ерөнхий сайд асан улстөрчөөс ч энэ тодорхойлолтыг авч чаджээ, тэр. Өнөө цагт эргэлзэх зүйлгүйгээр хүн бүхнээс ийм дүгнэлт авах хүн хэд байх бол, сонин шүү. Харин Ш.Батбаяр чадсан. Хамт ажиллаж буй найз нөхөддөө, дүү нартаа, удирдан чиглүүлж буй хамт олондоо “Өөрийгөө хэзээ ч голж болохгүй, ямарч сорилт тулгарахад чадна гэсэн итгэлээ алдаж болохгүй” гэдгийг ойлгуулж чаддаг сайн удирдагч хэмээн хамт ажилладаг залуус нь дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө билээ. Харин би түүнийг “төрд байх ёстой залуусын нэг” гэж хэлнэ. Улс орны хөгжлийн төлөө эмнэлгийн мөнгө хандиваар цуглуулж байсан шигээ ажиллаж чадах зоригтой, УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа дүүрэгтээ татаж чадсан хөрөнгө оруулалт болгоныг нь нүдээр харсан учраас түүнд итгэж байгаа юм. Сүхбаатарчууд ч бас итгэж байгаа.Ш.Батбаярын аав Я.Шүрэнчулуун гуай хүний их эмчийн мэргэжилтэй, хурандаа цолтой хос тангараг өргөсөн нэгэн. УАХЕГ-ын харъя эмнэлгийн байгууллагуудад эмч, эмнэлгийн дарга, ХХЕГазарт хүн эмнэлгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт зэрэг алба хашин нэгэн насны амьдралаа улс эх орныхоо аюулгүй байдал, энхийн манаанд зогсож өнгөрүүлсэн жирийн нэг төрийн албан хаагч байжээ. “Олонтойгоо цуг яваарай” хэмээн сургадаг байсан аавынхаа захиас сургаалийг сэтгэлдээ тээн, зүрхэндээ тунгааж, хичээн яваа учраас тэр өнөөдөр найз нөхдийн хүрээлэл өргөн, хамт ажилласан хүн бүхнээс хүндэтгэл хүлээсэн нэгэн болж чадсан юм. Ш.Батбаяр аавынхаа талаар дурсахдаа “Аав маань аливаа асуудалд шаргуу, дайчин ханддаг. Төрийн даалгасан ажлыг чадна гэж зүтгэсээр байгаад л хийчихнэ. Гэхдээ их зөөлөн хүн байлаа. Хүүхэд байхдаа болохгүй зүйл хийхэд аав минь нэг ч удаа гар далайж үзээгүй дээ. Надад аавын тэр зан чанар байдаг юм билээ. Би хүнд үгүй гэж хэлэх үнэхээр дургүй. Асуудлаа яриад ороод ирвэл шийдэж өгөх юмсан гэж хичээнэ. Өөрөө чадахгүй бол чаддаг нэгэнд нь холбож өгөхийг хичээдэг. Дүүрэг, хорооны иргэд маань л асуудлаа ярьж орж ирнэ үү гэхээс надтай том эрх ашиг ярина гэж байхгүй л дээ. Гэхдээ тийм зүйлд хэзээ ч “ЗА” гэж хэлэхгүй гэдгээ мэднэ” хэмээв.
Харин ээж Д.Сүрэнжав нь насаараа хүүхдийн эмчээр ажилласан. Өнөөдөр тэтгэвэртээ гарсан ч эмчийн ажлаа хийж, тангаргаа биелүүлсээр яваа “Өндөр ээж” гэмээр сайхан буурай бий. Ш.Батбаяр 2017 онд “STAR” телевизийн Ерөнхий захирлын албан тушаалд томилогдоход хамт олных нь 90 гаруй хувь нь нэг үеийн залуус байж. Тийм ч учраас эдгээр залуустай хамт юу хийж чадах вэ, бусад телевизүүдээс хэрхэн ялгарах вэ хэмээн удтал бодсоны эцэст хүүхэд, залууст чиглэсэн контент хийхээр зориглосон аж. Өнөөдөр “STAR” телевиз залуусын хамгийн их үздэг телевиз болж чадсан бөгөөд соёл, хүний хөгжил, их хотын иргэн бүхний мэдэх ёстой хамгийн энгийн соёлыг ч шинэ үеийнхэнд төлөвшүүлэх том бодлогыг баримтлан ажиллаж байгаа юм. Би түүнээс “Та тасралтгүй гурван жил залууст чиглэсэн контент бэлтгэсэн. Үр дүн гарсан гэж боддог уу” хэмээн асуухад “Би хот, хөдөө гэж ангилах ёстой дургүй. Хөдөөний хүн өөр соёлтой, хотын хүн өөр соёлтой гэдэг ойлголт байж болохгүй. Ерөөсөө л хувь хүний соёл, хүнээ хөгжлийн тухай ойлголт юм. Нийслэл хотоо өөриймсөг сэтгэлээр хайрлах хувь хүний соёлыг бий болгох нь манай хамт олны зорилго байсан. Бас өөрөө залуу хүн учраас манай үеийнхэн, миний дүү нар юу бодож явдгийг ил гаргах, тэдний дуу хоолой болохыг хүссэн юм. Ер нь залуус бид нийгмийн бүх шатанд дуу хоолойгоо гаргах цаг нь болсон. “Ах нар хийнэ биз” гэж хойш сууж болохгүй. Тиймээс л НИТХ-д, анхан шатнаас нь өрсөлдөж ажиллаад үзье, дуу хоолойгоо гаргая гэж зорилоо. Би тун өөдрөг бодолтой хүн. Манай хот хөгжихгүй байна, болохгүй бүтэхгүй л гэдэг. Гэтэл биднийг хүүхэд байхад хэзээ ийм өндөр байшин барилга, дэлхий нийтийг учруулсан холбоо харилцаа, машин техник байлаа даа. Манай хот минут, секундээр хөгжиж байна. Тийм учраас хотын хөгжилд гар бие оролцож, илүү гоё болгохын төлөө ажиллахыг зорьж байгаа юм. Томоор л сэтгэцгээе, том байя. Бидэнд гарц зөндөө бий. Монголын олон мянган залуус мэдээлэл, технологийн салбарт амжилт гаргаж, гарааны бизнес нь дэлхийн шилдгүүдийн тоонд багтчихаад явж байна. Манай Сүхбаатар дүүрэгт гэхэд л бараг байрны орц болгонд оёдлын цех байгаа. Үүнийг төр жаахан дэмжээд өгчихвөл их зүйл өөрчлөгдөнө дөө. ЖДҮХС-гийн зээлийг жинхэнэ эзэнд нь хүргэчихвэл орцны бизнес ч олон улсад гарах боломжтой. Үүнийг хийхийн төлөө би ажиллана. Залуу хүмүүс цаг ямагт өөрийгөө сорьж, илүү өндөрт тэмүүлэх ёстой” гэлээ. Энэ хэдэн өгүүлбэр л Ш.Батбаяр гэж хэн болох, юунд зорьж яваа юм, яагаад улс төрд орж ирэв гэдгийг уншигч авхай танд хэлээд өгөх байх аа. Олон жил найзалж, нөхөрлөөгүй ч бид улсын хөгжлийн тухай ухаан санаагаа уралдуулж суусан удаа олон бий. Тэр болгонд би энэ залууд +1 оноо өгөөд гардаг юм. Хамт ажиллахад түүртэхгүй, хамт суугаад ярилцахад олон шинэ санааг сэдэж байдаг энэ залуу бол том сэтгэгч. Тэр хий хоосон мөрөөддөггүй. Бодит ажлыг, биелэх боломжтойг нь мөрөөддөг. Эмнэлэг барина, эрчүүдийн эрхийг хамгаална хэмээн мөрөөдөж явснаа бодит ажил болгож чадсан юм. Тийм ч учраас олон залуусын тэр дотроо Ш.Батбаярын үг, зөвлөгөөг авч дэргэдээ зөвлөхөөрөө ажиллуулж байсан улстөрчдийн нэгэн адил түүнийг “ИТГЭЖ БОЛОХ ХҮН” хэмээн дүгнэдэг. Бид итгэдэг юм, түүнд. Та ч бас итгээд үз. Өнөөдөр албан тушаалд оччихоод маргааш таныг мартахгүй хүн гэдгийг хамт ажиллаж, найзалж нөхөрлөж яваагийн хувьд баттай хэлнэ. Тэр итгэл даах залуусын нэг. Тэр томоор сэтгэдэг мөрөөдөгч.
Сэтгүүлч: Б.Өнөртогтох